Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийн байршлын талаар ЦЕГ мэдээлэл хийв

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2026 оны анхны хурлаа 2026 оны 3 дугаар сарын 5-нд зохион байгууллаа. Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Б.Ганчулуун “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ” гэсэн олон нийтийн асуултад хариулт өгсөн байна.
Б.Ганчулуун дэд даргын мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2006 онд “Өнөр бүл” асрамжийн газраас 24 хүүхэд өргөж авсан бөгөөд тэр асрамжийн газар нь “Болор сан” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан аж. “Болор сан” асрамжийн газар 2016 онд татан буугдсан байна.
Өргөж авсан 24 хүүхэд бүгд насанд хүрсэн бөгөөд тэдний гурван хүүхэд 2025 онд өөрийн хүсэлтээр Энэтхэг улсад суралцахаар улсын хилээр гарсан бүртгэлтэй байгаа юм байна. Харин үлдсэн 21 хүүхэд нь Монгол Улсын хилээр гараагүй гэж ЦЕГ-ын дэд дарга мэдээлжээ.
