О.Эрдэнэцогт Үндэсний Дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо

2026-03-05 17:301min
20260305-173035-file.jpeg
Монголын Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт шалгарч, "BCH Knights" багийн Давион Уоррен, Юрис Василевс тусгай шагнал хүртлээ.

Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүдийг тодруулах ёслол өнөөдөр боллоо. Улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” шагналыг Монгол улсын шигшээ баг болон “BCH Knights” багийн ахлагч О.Эрдэнэцогт хүртсэн байна. Тэрээр улирлын 27 тоглолтод оролцож, дунджаар 13.9 оноо, 4.9 самбар, 5.9 оновчтой дамжуулалт, 84 хувийн чөлөөт шидэлтийн амжилт үзүүлжээ.

О.Эрдэнэцогт “Шилдэг тоглогчдын эгнээнд багтсандаа баяртай байна. Би үргэлж шилдэг тоглогчдод алга ташиж, өөрийн ээлжиндээ хичээх ёстой гэж боддог байсан. Бага амарч, их бэлтгэл хийсний үр дүн энэ шагнал юм” гэж хэллээ. Тэрээр энэ улиралд багийг манлайлж, өөрийн тоглолтын чанараа бататгасан байна.

Мөн “BCH Knights” багийн Давион Уоррен “Шилдэг олон улсын тоглогч”, ахлах дасгалжуулагч Юрис Василевс “Шилдэг дасгалжуулагч” шагналыг хүртжээ. “BCH Knights” баг плей-оффын цувралд 2:0-ээр тэргүүлж байна.