Менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ

2026-03-05 18:301min
20260305-183044-file.jpeg
Архан-Уул, Ховд аймагт менингококкт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ. Хүүхдэд илэрч буй шинж тэмдгүүдэд анхаарал хандуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Архан-Уул аймагт энэ сарын 2-ны өдөр нэг хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн бөгөөд маргааш нь Ховд аймгийн Жаргалант суманд мөн нэг тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Халдвар бүртгэгдсэн газруудад шуурхай хариу арга хэмжээ авч, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндэрч болзошгүй, аюултай халдварт өвчин бөгөөд ялангуяа нярай болон бага насны хүүхдэд өвчний явц хурдан хүндэрдэг онцлогтой. Бага насны хүүхдэд халуурах, уйламтгай болох, хоолонд дургүй болох, бөөлжих, нойрмоглох, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр тууралт эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, биеэр тархах боломжтой байдаг. Менингококкт халдвар нь цаг хугацаатай уралддаг тул эрт оношлуулж, эмчилгээг шуурхай эхлүүлэх нь амь насыг аврахад чухал. Энэ жил бүртгэгдсэн нэг нас баралтын тохиолдолд хүүхэд цагаан халууралттай байсан бөгөөд гэртээ 10 гаруй цагийн дараа эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. ХӨСҮТ-ийн Томуугийн төвийн дарга Ч.Уртнасан хэлэхдээ, халдвар амьсгалын замаар дамждаг тул хоолой, амаа зайлах, гараа тогтмол угаах, хүүхэдтэй харьцахдаа анхаарах, халуурсан хүүхдийг олны газар авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, заавал эмчид үзүүлэх шаардлагатайг онцоллоо.