ИЗНН-ын гишүүд намын дарга Б.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар хандлаа

2026-03-05 17:001min
20260305-170035-file.jpeg
Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга Б.Батбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан бөгөөд намын дүрэм Дээд шүүхэд дөрвөн удаа буцсан тул одоогоор намын даргагүй болсон тухай мэдээлэв.

Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан талаар мэдээллээ.

ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар хэлэхдээ, намын дүрэм дөрвөн удаа Дээд шүүхээс буцаж, одоогоор намын даргагүй, дүрэмгүй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, бүтцээ Дээд шүүхэд бүртгүүлэх шаардлагатай байсан юм.

ИЗНН нь Засгийн газарт орсон бөгөөд улс төрийн зөвлөлийн хурлаар хамтран ажиллах шийдвэр гаргасан байна. Хоёр сарын хугацаанд сайдын гадаад томилолтын талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байна.

Б.Батбаатар сайд 52 хоногийн хугацаанд гадаадад томилолтоор явсан бөгөөд үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлэв. Тухайлбал, Бразил улсад танилцуулах материалд 60 сая төгрөг, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг, видео шторк хийхэд нийт 10 сая төгрөг зарцуулсан байна. Кени улсад 15 сая төгрөгөөр таван видео шторк хийлгэж, 20 удаа павильон түрээсэлсэн бөгөөд танилцуулах материалд 35 сая төгрөг зарцуулжээ. Панам улсад 10 сая төгрөгөөр зургаан удаа арга хэмжээ зохион байгуулж, танилцуулах материалд 30 сая төгрөг зарцуулсан баримтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.

Мөн парламентад суудалтай намуудад төрөөс олгодог санхүүжилтийн талаарх мэдээллийг онцолсон бөгөөд ИЗНН-д тавдугаар сард 455 сая төгрөг олгогдсон боловч долоодугаар сард намын Их хурлын үеэр төрөөс мөнгө орж ирээгүй гэж тайлагнажээ. Хагас жилийн тайланд 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд зарцуулсан нь эргэлзээтэй гэж үзэж байна. Намын татвар болон төрөөс олгосон нийт 600 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд зарцуулсан бөгөөд банкнаас 132 сая төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Банкны зээлийг төлсөн гэх мэтээр 287 сая төгрөг зарцуулсан нь шалгуулах шаардлагатай гэж үзжээ.

ИЗНН-ын дүрмийг Дээд шүүх дөрвөн удаа буцаасан бөгөөд шинэчилсэн хуулиар намын даргын сонгуулийг явуулж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой ч дахин хурал хийгээгүй тул намын дарга байхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор онц Их хурал зарлах шаардлага тулгарч байгаа бөгөөд нам парламентад тасралтгүй 16 жил суудалтай байжээ.