2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгэл үргэлжилж байна

2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл үргэлжилж байна. Энэ жил оюутан, суралцагчид цэргийн 13 төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой.
Бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутнууд төрийн мэдээллийн нэгдсэн систем E-Mongolia-аар цахимаар бүртгүүлэх боломжтой.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэрэг баримт бичгийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүрэг /нийслэл/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлэх шаардлагатай.
Хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчид дараах шаардлагыг хангасан байна: магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I, II, III дамжаанд эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх; тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх; эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх; сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.
Сургалтын онолын бэлтгэл дөрвөн төрлийн хичээлээр явагдаж, дараа нь оюутнууд ерөнхий шалгалт өгнө. Ерөнхий шалгалтад 60-аас дээш оноо авсан тохиолдолд мэргэжлийн бэлтгэлд хамрагдах боломжтой бөгөөд ингэснээр суралцаж буй мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмшинэ. Энэ жил эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүд түлхүү орно.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна. Энэ жил хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2,000 оюутан, суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн өмнө нь зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд ч хамрагдах боломжтой болсон байна.
