“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан шахмал түлшний угаарын хордлогын нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гарчээ

Сайжруулсан шахмал түлшний угаарын хийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн гомдлыг шүүх хэлэлцээд, 625 сая төгрөгийг “Тавантолгой түлш” компаниас нөхөн төлбөр болгон гаргуулахаар шийдвэрлэлээ.
2019 онд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн ч энэ түлшний хэрэглээтэй холбоотойгоор угаарын хийн хордлого үүсч, олон иргэд амь насаа алдсан болон эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд гарсан байна.
“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшний угаарын хийн улмаас бага насны хүүхэд нас барж, ээж нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан иргэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан 5-6 жил үргэлжилсний эцэст 2026 оны нэгдүгээр сард давж заалдах шатны шүүхээс 625 сая төгрөгийг нөхөн төлбөр болгон гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхээс “Тавантолгой түлш” компанийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай болон Стандартын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.
Үйлдвэрлэгч компани тухайн үед сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд тохирно гэж сурталчилж байсан нь иргэдийг энгийн зууханд түлш шатааснаас болж угаартаж хохирсон нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна.
Өнөөдрийн байдлаар 100 орчим мянган өрх стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэж байгаа бөгөөд ийм нөхцөлд байгаа иргэд хуульч, өмгөөлөгчдөөс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
