Монголд хүүхдийн сонсголын эмгэгийг эрт илрүүлэх ажлыг эрчимжүүлж байна

Дэлхий дахинд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсголын эмгэгтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ. Тэдний 60 орчим хувь нь урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой гэж үзэж байна.
Монгол Улсын хүн амын 35 орчим хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд жилд төрсөн 166,444 нярайн 150 нь дүлий төрж байна. Нярай хүүхдүүдийн 0.23%-ийнх нь нэг эсвэл хоёр чих нь сонсгол муу буюу дүлий төрсөн гэж оношлогдсон нь 1000 амьд хүүхэд тутмын 2-3 нь ийм эмгэгтэй байна гэсэн үг юм.
Энэ нөхцөл байдлыг харгалзан боловсролын байгууллагуудыг түшиглэн эцэг эхийн оролцоотойгоор сонсголын эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг ЭХЭМҮТ болон бусад төрөлжсөн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж, оновчтой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээр “Сонсголын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Бүх хүүхдийн сонсголыг хамгаалъя” уриаг дэвшүүлсэн байна.
