Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг есөн байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн бөгөөд үхрийн мах 15,000 төгрөг, хонины мах 13,000 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2024 оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулах юм. Энэ худалдаагаар хонины махыг гулуузаар, килограмм нь 13,000 төгрөгөөр борлуулах ажээ.
Өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах есөн байршил нь Жуковын талбай, Жанжингийн гэрийн буйр, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай, Хос өргөө хотхоны 21-р байрны урд талбай, Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай, Орбитын тойрог, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай, Титан центрийн авто зогсоол, Тусгаар тогтнолын талбай юм.
Энэ жил есөн аж ахуйн нэгж нийт 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Нөөцөлсөн махыг чанар, стандартын дагуу бэлтгэснээр өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.
