Монголын гурван тамирчин Милан-Кортина 2026 паралимпын наадамд оролцоно

2026-03-02 18:031min
20260302-180320-file.jpeg
Италийн Милан, Кортина хотод болох өвлийн паралимпын наадамд Монголын гурван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэд гүйлтийн болон уулын цанын төрлөөр өрсөлдөнө.

Италийн Милан, Кортина хотод энэ сарын 6-наас 15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яаманд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн наадамд 50 орны 665 тамирчин зургаан спортын төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тамирчдын бүрэлдэхүүнд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, мөн уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар багтжээ.

Б.Ганболд гурав дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцож байгаа бөгөөд Монголын хамгийн олон удаа тус наадамд оролцсон цаначин болж байна. Харин Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцох юм.

Монголын өвлийн паралимпын наадамд анх оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр 2006 онд Турин хотод болсон өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдсөн билээ.