“Бүргэдийн баяр” энэ долоо хоногт болно

“Бүргэдийн баяр” энэ жил 20 дахь жилдээ гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдана.
Энэхүү баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцохоос гадна Казахстан, Киргиз, Испани, Унгар, ОХУ зэрэг гадаад улсын 16 тамирчин бүртгүүлжээ.
Тэмцээн уралдааны хэлбэрээр зохион байгуулагдах арга хэмжээний эхэнд бүргэдчид үндэсний хувцсаараа гоёсон бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургагдсан морьтой жагсан орж ирдэг.
Шүүгчид үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглол зэрэг элементийг нарийн үнэлж, хамгийн шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг.
Мөн баярын үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ, казах гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай танилцах боломжтой.
Бүргэдээр ан хийх уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
