Туул усан цогцолбор төслийн бэлтгэл ажил үе шаттай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад усны томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна.
Эхний шатанд төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгаа хийгдэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтээр харьцуулсан үнэлгээний дүнд хамгийн тохиромжтой гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийг тухайн газарт төвлөрүүлэн хийхээр шийдвэрлэв.
Өнгөрсөн нэгдүгээр сард холбогдох байгууллагуудын уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг түргэвчлэх, дараагийн үе шатны судалгааг уялдаа холбоотой, цогц байдлаар боловсруулах шаардлагатайг онцлон, үүрэг чиглэл өгсөн байна.
“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар 5,569 га талбайд 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байх тооцоолол гарчээ. Инженерийн үндсэн шийдлийн дагуу далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх бөгөөд энэ нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангахад чиглэсэн юм.
Төслийн хэрэгжилтээр гадаргын усыг зохицуулалттай ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулах боломжтой болно. Мөн үерийн урсцыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох зорилготой юм.
