Мазаалай баавгайг хамгаалах өдөр энэ сарын 28-нд тэмдэглэнэ

2026-02-27 08:301min
20260227-083025-file.jpeg
Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдөр "Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр" тэмдэглэдэг бөгөөд энэ жил Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд танин мэдэхүйн өдөрлөг зохион байгуулагдана.

Жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдөр “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү өдрийн хүрээнд Монгол орны говь, цөлийн экосистемийн хосгүй төлөөлөл, нэн ховор амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, түүний амьдрах орчныг хадгалан үлдэх, олон нийтийн экологийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэхэд чиглэж байна.

Өдөрлөгийн үеэр мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, видео танилцуулга, судалгааны үр дүн, мэдээлэл танилцуулах, мөн хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, хөтөлбөрүүд зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Өдөрлөг нь 2026 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 6-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.