Эрдэнэс Тавантолгой нээлттэй компани болохоор иргэд 1072 хувьцаагаа зах зээлд чөлөөтэй ашиглах боломжтой болно

2026-02-26 22:011min
20260226-220106-file.jpeg
Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нээлттэй компани болохоор иргэд 1072 хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой болно. Компанийн санхүүгийн үнэлгээ өсөх төлөвтэй байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 1072 хувьцааны ногдол ашиг болон нээлттэй компани болохын ач холбогдлын талаар тайлбар хийв.

Нээлттэй хувьцаат компани болох нь хувьцааг хоёрдогч зах зээлд нээхтэй холбоотой бөгөөд энэ нь иргэдэд хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Компанийн санхүүгийн тайланг олон улсын аудитын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ өсөх боломжтой.

Сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтээр компани жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ өсөх хандлагатай байгаа ч санхүүгийн эрсдэлүүд бий. Нээлттэй компани болох нь хувьцаа эзэмшигчдэд саналын эрх олгож, компанийн засаглалыг сайжруулах боломжийг бүрдүүлнэ.

2025 онд компани 30.3 сая тонн нүүрс олборлож, 28.7 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн хугацаанд доод хэмжээнд байсан ч долоодугаар сараас тогтворжиж эхэлсэн. Компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахаар төлөвлөж байна.

Ногдол ашгийн хэмжээ 2019 оны 90 төгрөгөөс 2025 онд нэгж хувьцаанд 65 төгрөг болж буурсан нь компанийн санхүүгийн үүрэг даалгавартай холбоотой. Тухайлбал, компани 7 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн бөгөөд үүнд “Тавантолгой Түлш” компанид 280 тэрбум төгрөг, “Гашуунсухайт” болон “Ганцмод” боомтын бүтээн байгуулалтад 252 тэрбум төгрөгийн санхүүжилт орсон байна.

Компанийн удирдлага төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа тул үйл ажиллагааны зардлыг хэмнэх арга хэмжээг авч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын стратегийн томоохон ордын хувьд эдийн засагт өндөр нөлөө үзүүлж, татвар төлөлт, борлуулалтын орлогоороо тэргүүлэх компани болжээ.