БНСУ-ын иргэд Монголд ажил хэргийн визгүй ирсэн тул визийн шаардлага тавьжээ

2026-02-26 21:011min
20260226-210101-file.jpeg
ГИХГ-ын мэдээлснээр, БНСУ-ын иргэд Монгол Улсад ажил хэргийн шугамаар ирсэн гэж мэдүүлсэн тул визийн шаардлага тавьсан байна. Аялал жуулчлалын зорилгоор ирж буй БНСУ-ын иргэд визгүй зорчих боломжтой юм.

Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээлснээр, БНСУ-ын иргэд Монгол Улсад ажил хэргийн шугамаар ирсэн гэж мэдүүлсэн тул визийн шаардлага тавьсан байна. Тухайн иргэд визгүй ирсэн бөгөөд зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй тул ажил хэргийн K1 ангиллын визийг авч орж ирэх шаардлагатай гэж мэдэгджээ.

Мөн өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн Монгол Улсад богино хугацаагаар ажил хэргийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд зориулан К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр энэ оныг дуустал БНСУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой юм. Харин ажил хэргийн зорилгоор ирэх тохиолдолд дээрх төрлийн визийг мэдүүлэх шаардлагатайг онцоллоо.

ГИХГ-аас мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр оруулаагүй бөгөөд буцаасан байна. Улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистаны 4, Непалын 4, ОХУ-ын 2, Филиппиний 2, Киргизийн 2, Азербайжаны 1 иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, визийн ангилалд нийцээгүй, хөрөнгө оруулалтын баталгаагүй, эсвэл визийн хүчинтэй хугацаа дууссан шалтгаанаар хил дээрээс буцаагдсан гэж ГИХГ мэдээлэв.