Үл хөдлөх хөрөнгийн залилан 2025 онд 120 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Өмгөөлөгч Б.Батбаяр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилангийн талаар зөвлөмж өглөө. Тэрбээр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хүн амьдралдаа цөөн удаа оролцдог бөгөөд орон сууц хөлслөх нь өндөр өртөг, эрсдэлтэй хэлцэл гэдгийг онцлов.
2025 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 1,000 гаруй залилан гарч, учирсан хохирол нь 120 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 50 тэрбум орчим төгрөг нь төлөгдсөн байдалтай байгаа юм.
Орон сууцанд амьдарч байгаа нь тухайн орон сууцны өмчлөгч гэсэн үг биш бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсоны үндсэн дээр өмчлөх эрх үүсдэг гэж мэдэгдэв. Гэрээ байгуулсан ч нотариатаар гэрчлэгдэж, бүртгэлд бүртгэгдээгүй бол өмчлөх эрх үүсэхгүй гэдгийг онцоллоо.
Мөн орон сууц хөлслөх харилцаанд “хоногийн түрээс”, “хоногийн орон сууц хөлслөх” гэсэн зар ашиглан гэмт хэрэгтнүүд нэг өдрийн түрээсээр орон сууцыг түрээслэн, дараа нь дамжуулж түрээслэх эсвэл зарах эрсдэл үүсэж байгааг анхаарууллаа.
Өөрийгөө эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай арга нь E-Mongolia платформыг ашиглан газар дээр нь хүсэлт гаргаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг шалгах явдал юм. Энэ нь гэрчилгээ, лавлагааг хуурамчаар үйлдэх эрсдэлээс сэргийлэхэд туслах ажээ.
