Орон сууцжуулах эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов

2026-02-26 16:021min
20260226-160159-file.jpeg
Монгол Улсад орон сууцжуулах эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдийг олон улсын зөвлөхүүдийн оролцоотой хэлэлцүүлж, иргэдэд зориулсан төрөлжсөн орон сууцны зохицуулалтыг тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ хүрээнд Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүд боловсруулагдаад байна.

Хуулийн төслүүдийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын KOICA, Бан Ки Мүүн сан болон Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал, зөвлөмж өгсөн.

Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орлогын түвшинд тохирсон олон төрөлт орон сууцны нийлүүлэлтийг бий болгох, бага орлоготой иргэдэд халамжийн орон сууц, дунджаас доогуур орлоготой иргэдэд хөлслөх орон сууц, дундаж орлоготой иргэдэд түрээслээд өмчлөх орон сууцыг нэвтрүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөлд ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын түвшин, байршилтай уялдуулан төрөлжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төв банкнаас хэт хамааралгүй болгох, зах зээл дээрх дараалал, төвлөрлийг бууруулах, Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын сангийн хөрөнгийг хуульд нийцүүлэн орон сууцны хөрөнгө оруулалтад чиглүүлэх зохицуулалтуудыг тусгасан.

Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн байгууллага болон олон улсын зөвлөхүүдийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд дараагийн шатны хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуулийн төслүүдийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.