Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж малчдад газар үнэгүй эзэмшүүлэх зохицуулалт тусгана

2026-02-26 15:011min
20260226-150146-file.jpeg
Газрын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Төслөөр малчдад зориулсан үнэгүй газар эзэмших, орон нутаг газар олгох эрх мэдлийг бэхжүүлэх зохицуулалт багтжээ.

Засгийн газрын хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Төслийн гол өөрчлөлтүүдийн нэг нь улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлэх юм. Энэ нь зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг уялдаа холбоотой, бодлоготойгоор шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэх зохицуулалт орж байна. Аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгожээ.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Түүнчлэн малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар таван га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжихээр тусгасан байна.

Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхойлж, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

Малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болох нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх юм.