ЗХЖШ-ын 327 дугаар ангийн алба хаагчид Халхгол сумын малчдад туслаж байна

2026-02-26 14:011min
20260226-140110-file.jpeg
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн байгалийн гамшгийн улмаас ЗХЖШ-ын 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч малчдад өвс тэжээл хүргэж, зам давааг нээх, цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл гарч, зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан байна. Үүний улмаас Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус суманд үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар хошууч Б.Отгонбатаар ахлуулсан бүрэлдэхүүн Халхгол сумын малчдад тусламж үзүүлж байгаа бөгөөд алба хаагчид “Ялалт” болон “Ташгай” багуудад хуваагдан ажиллаж байна. “Ташгай” багт хошууч Б.Отгонбатаар ахлуулсан 17 цэргийн алба хаагч зам даваа нээх, өвөлжөөний цас цэвэрлэх, өвс тэжээл түгээх зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа бол “Ялалт” багт ахмад Д.Ганбаяраар ахлуулсан 3 цэргийн алба хаагч зам даваа нээх, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Гамшгийн улмаас зам хаагдсан тул алба хаагчид өөрсдөө замыг цэвэрлэж, айл өрхүүдэд хүрч ажиллаж байгаа бөгөөд одоогоор 50 гаруй өрхөд өвс тэжээл хүргэж, хашаа хороог цэвэрлэх, орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Алба хаагчид сүлжээгүй газарт ажиллаж байгаа тул сүлжээтэй газарт очих үедээ холбоо барьж байна гэж мэдээлэв.