2026 оны эхний хагас жилд гаалийн татвар буцаан авах хүсэлтийг хүлээн авна

Гаалийн ерөнхий газар 2026 оны эхний хагас жилд гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүлээн авахыг мэдэгдлээ.
Газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлж, тухайн онд ногдуулан төлсөн татварыг дараагийн төсвийн жилийн эхний хагас жилд буцаан олгодог байна.
Буцаан авах хүсэлт гаргахдаа тухайн аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн, жилийн эцсийн тайланд тусгагдсан, баталгаажсан байх шаардлагатай.
Мөн гаалийн мэдүүлгийг нягтлан шалгах бөгөөд мэдүүлэг дэх хэлцлийн код нь “330” байх ёстой.
Хүсэлт гаргахдаа албан бичгээр буцаан авах татварын дүн, аж ахуйн нэгжийн дансны дугаар, банкны нэр, утасны дугаарыг тодорхой зааж өгөх шаардлагатай.
Баталгаажсан санхүүгийн тайлан болон гаалийн мэдүүлгийн хуулбарыг бүрдүүлэх ёстой.
Гаалийн мэдүүлгийн хэлцлийн код 330-аас өөр байвал Бүрдүүлэлтийн цахим төвд хандаж нягтлан шалгуулахыг зөвлөж байна.
Татвар буцаан авах хүсэлтийг зөвхөн 2026 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй.
Хүсэлтийг Бүрдүүлэлтийн цахим төвд ирүүлнэ гэж Улаанбаатар хот дахь Гаалийн газар мэдээлэв.
