2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч шалгаруулна

2026-02-25 16:011min
20260225-160114-file.jpeg
Цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилгоор "2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч" шалгаруулалт зарлажээ.

Цоохор ирвэсийг хамгаалах, түүний амьдрах орчныг хадгалах үйлсэд хүчин зүтгэж буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилгоор “2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулалтыг зарлажээ.

Шалгаруулалтад ирвэсийн амьдрах бүсэд ажиллаж амьдардаг байгаль хамгаалагч, идэвхтэн, Байгаль орчин, аялал жуулчлалын улсын байцаагч, мэргэжилтэн оролцох бөгөөд ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтныг хууль бусаар агнах зөрчлийг илрүүлж таслан зогсоосон, урьдчилан сэргийлсэн байх шаардлагатай юм.

Цоохор ирвэс нь 2500-3000 метрийн өндөрт орших уулсын гүн хавцал, жалга, хад цохиот эгц хажуу зэрэг газруудад амьдардаг. Мөн говь, цөлийн хад чулуут уулс болон баянбүрдэд ч тархсан байдаг.

Монгол Алтай, Хөвсгөл, Хангай, Говь-Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн өндөрлөг уулс нь ирвэсийн тархацын гол бүсүүд юм.

Ирвэс нь ихэвчлэн бүрэнхий, шөнийн цагаар идэвхтэй бөгөөд янгир, тарвага, огдой, туулай, бор гөрөөс, адуу, хонь, ямаа, цагаан ятуу, хахилаг, хойлого зэрэг амьтнаар хооллодог.

Зарим тохиолдолд хулан, аргаль зэрэг тураг амьтдыг барьж иддэг. Ирвэс хадны хонгил, ангалд үүрэлж, ороо нийллэг нь хавар 1-3 сард явагддаг. Хээл тээх хугацаа дунджаар 98-104 хоног бөгөөд эм ирвэс 2-3 гүем төрүүлдэг. Байгальд 15-18 жил насалдаг байна.