Монгол Улсад “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа.
“Чингис хаан” үндэсний музейд болсон ёслолыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нээж, монгол соёл иргэншлийг үүсгэн цогцлоосон баатарлаг туульсын ач холбогдлыг онцлов.
Тэрбээр баатарлаг туулийг монгол ард түмний язгуур түүхтэй, давтагдашгүй соёлын бүтээл хэмээн тодорхойлж, өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа “Эзэн улаан бодон” тууль хайллаа.
Монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, тууль судлаач доктор Т.Баясгалан, мөн МУБИС-ийн багш, тууль судлаач доктор Б.Нанжид нар тайлбар хийв.
Баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгуулсан юм.
Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэж, дэлхий дахинд хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг баталгаажуулсан байна.
