Дэлхийн хамгийн том 14×18 метр дээл Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэв

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн “Батзүү” ХХК-ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлажээ.
Энэхүү дээл нь Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээсэн бөгөөд үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан байна. Энэ бүтээл нь монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болж байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 1-нийг хүртэл дэлгэгдэж байна.
Дээл нь 14 метр өндөр, 18 метр өргөнтэй бөгөөд Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий дэлхийн хамгийн том дээл юм. Энэхүү XIII зууны язгууртан эрэгтэй хүний дээлийн эх загвар нь Чингис хаан Үндэсний музейд хадгалагддаг.
Их Монгол Улсын үеийн язгууртны дээл нь Төв Азид Монгол үндэстэн бүрэлдэж эхэлсэн үеэс өнөөг хүртэл түүхийн бүхий л цаг үед Монголчуудын гол хувцас байсаар иржээ. 2000 гаруй жилийн тэртээ нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үеэс ташуу энгэртэй дээлийн хэв маяг хэлбэржин тогтсон бөгөөд Их Монгол улсын үед эдийн болон хийц загварын хувьд хөгжлийн шинэ үе бий болсон.
Их Монгол Улсын үеийн дээлийн дүрслэлийг XIII-XIV зуунд холбогдох хүн чулуун хөшөө, Монгол хаадын хөрөг, XIV-XVI зуунд зурсан монголчуудын номын чимэглэл зургууд, археологийн малтлагаар илэрсэн олдворуудаас харьцуулан тодруулдаг.
Монголын хаад, язгууртнууд урт ханцуй, ташуу энгэр, урт хормойтой дээл өмсөж, дээлийн энгэр, хормойг лууны дүрс болон олон төрлийн хээ угалзаар чимэглэн гоёдог байжээ. Хаад язгууртны дээлийн чимэглэл, загвар хийц нь язгууртны төрх байдал, нүүдэлчдийн уламжлал, эзэнт улсын онцлогийг тод дүрсэлдэг байв.
Энэ үеийн Монгол хатад, эмэгтэйчүүдийн дээлийн үндсэн хэлбэр нь ташуу энгэр, өргөн ханцуй, урт хормойтой байсан бөгөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Нартын хадны оршуулгаас олдсон XIII зууны язгууртан эмэгтэйн дээлүүд нь торгоор урлаж хийсэн ёслол тайлгын дээл, хувцасны дотуур өмсөх энгийн дээл, өвлийн цагт өмсөх нэхий дээл зэрэг төрөлтэй байжээ.
Эдгээр дээлийн эсгүүр, гоёл чимэглэл нь харилцан адилгүй боловч өмсөж эдлэхэд биед эвтэйхэн, сул чөлөөтэй, эрхэмсэг байдлыг агуулдаг онцлогтой юм.
