Ховд, Увс аймгуудад 4.5 ба 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

2026-02-22 12:301min
20260222-123024-file.jpeg
2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Ховд, Увс аймгийн зарим сумдад 4.5 ба 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд одоогоор хохирол гараагүй байна.

2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутагт 09:29 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомтод ойр орших сум, суурин газрууд нь Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 32 км, Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун хойд зүгт 68 км, мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун урд зүгт 71 км зайд байрлаж байна.

Мөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт 09:13 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд энэ газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумд нь Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км, Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км, Өлгий сумын төвөөс хойд зүгт 42 км зайд оршиж байна.

Одоогоор газар хөдлөлтөөс үүдэн ямар нэгэн хохирол гараагүй бөгөөд холбогдох албаныхан нөхцөл байдлыг нарийвчлан судалж байна.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр үндсэн хэлбэрээр хэмждэг. Нэгдүгээрт, магнитуд нь хөрсөн доор байрлах газар хөдлөлтийн төв хэсгийн хүчийг илэрхийлдэг. Хоёрдугаарт, баллаар хэмждэг шаталбар нь газрын хөрсөн дээр, хүн ам болон барилга байгууламжид мэдрэгдэж буй хүчийг илэрхийлдэг бөгөөд энэ шаталбар 12 хүртэл байдаг.

Магнитуд 3-аас доош газар хөдлөлт нь ихэвчлэн хүмүүст мэдрэгддэггүй бол 7 ба түүнээс дээш магнитудтай газар хөдлөлт нь өргөн хүрээний сүйрлийг үүсгэдэг байна.