Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгожээ

2026-02-22 11:301min
20260222-113019-file.jpeg
Хөвсгөл нуур нь Монголын байгалийн өв бөгөөд төрийн тахилгат болсноор экосистемийг хамгаалах, соёлын өвийг хадгалах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих боломж бүрдлээ.

Хөвсгөл нуур нь Монгол түмний бахархал болсон байгалийн хосгүй үнэт өв бөгөөд олон мянган жилийн түүх, домог шүтлэг, байгалийн унаган төрхийг хадгалсан ариун газар юм. Орон нутгийн удирдлага, иргэдийн удаа дараагийн хүсэлт, уламжлалын үр дүнд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон.

Хөвсгөл нуур нь 2760 км² талбайтай, хамгийн гүн нь 262 метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг эзэлдэг. Энэхүү нуур нь хоёр сая гаруй жилийн өмнө үүссэн байгалийн өвөрмөц бүтээл юм.

Нуурын экосистемд 12 төрлийн загас, 244 төрлийн шувуу, 750 гаруй төрлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд энэ нь Монгол болон дэлхийн хэмжээнд онцгой ач холбогдолтойд тооцогддог. 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Шим мандлын нөөц газарт албан ёсоор бүртгэгдсэн нь экологи, хамгаалалтын ач холбогдлыг олон улсын түвшинд баталгаажуулсан үйл явдал болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оноос эхлэн нуурын гүнд живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах тусгай ажиллагаа амжилттай хэрэгжиж, 11 автомашин, 50 орчим тонн шатахуун, тос зэрэг хорт бодисыг гаргаж байгаль орчинд ноцтой хохирол учрахаас сэргийлсэн.

Жил бүр Хөвсгөл нуурыг үзэхээр гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг тул байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хүслийн хад цогцолбор, Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэнг иж бүрэн тохижуулж ашиглалтад оруулсан.

Мөн Хатгал-Ханх чиглэлийн замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын экосистемийг хадгалж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ.

Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, орон нутгийн иргэдийн түүх, соёл, уламжлалыг хамгаалах, сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлнэ. Мөн байгалийн болон соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.