Нийслэлд шинийн 1-нд гэмт хэрэг бүртгэгдээгүй, хөдөлгөөн зохицуулалт сайжирлаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй “Амгалан” цагаан сар арга хэмжээний хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчид хиймэл оюун ухаан болон камерын нэгдсэн системийн мэдээлэлд тулгуурлан авто замын нөхцөл байдлыг үнэлж, хөдөлгөөн зохицуулалтыг шуурхай хэрэгжүүлж байна.
Шинийн 1-ний 20:00 цагийн байдлаар нийслэлийн 151 уулзвараар нийт 11 сая 456 мянган зорчилт бүртгэгдэж, цагт дунджаар 507 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон нь уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.
Мөн шинийн 1-ний өдөр нийслэлд тэг зогсолт болж гацсан уулзвар, тойрог байгаагүй бөгөөд ачаалалтай гудамж, замын хөдөлгөөнийг камерын нэгдсэн системээр хянаж, “Хашаагаа нээе” аяны хүрээнд зогсоолын болон хөдөлгөөн зохион байгуулалтын менежментийг давхар хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна.
Нийслэлчүүд цагаан сараар тэг зогсолт үүсгэсэнгүй гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцлов.
Мөн шинийн 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд хулгайлах, залилах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн өдрөөс 86 хувиар буурсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ.
