Монгол Улсад хуурамч визийн зөвшөөрөл ашиглахыг завдсан гадаадын иргэдийг нислэгт суулгахгүй байхаар шийдвэрлэв

2026-02-17 10:341min
20260217-103348-file.jpeg
2026 онд БНХАУ-аас ирсэн таван гадаад иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсад нэвтрэхийг завдсан тул нислэгт суулгахгүй байхаар боллоо. Гадаадын иргэд визийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөж байна.

2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгт Бүгд Найрамдах Бангладеш Улсын таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсад нэвтрэхийг завдсан хэрэг гарлаа.

“Эйр чайна” авиа компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу визийн зөвшөөрлийг шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй, хүчинтэй хугацаа зөрүүтэй, QR код нь хуурамч холбоосоор үүсгэсэн болох нь тогтоогдсон тул тухайн иргэдэд Монгол Улсад зорчихыг хориглож, нислэгт суулгахгүй байх арга хэмжээ авсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, хялбар, шуурхай болсон ч виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол дахин гарсаар байна.

Иймээс гадаадын иргэд виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/), AI чатбот болон лавлах утас (18001882)-аар авах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөж байна.

Мөн визийн зөвшөөрлийн цахим системийн домэйн хаяг (https://isf.mn/), хүсэлтийн дугаар, зөвшөөрсөн огноо, уригчийн холбоо барих дугаар зэрэг мэдээллийг сайтар шалгахыг анхааруулж байна.