Гандантэгчэнлин хийдэд Балин адислах хурал маргааш болно

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд билгийн тооллын өвлийн адаг сарын хуучдын 30 буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагт Балин адислах хурал болно. Энэхүү хурал “Дэчэнгалаба” дацанд буюу Богд гэгээний Шар ордонд зохион байгуулагдах юм.
Жил бүрийн өвлийн дунд сард бурхан шүтээний тахил балинг бүтэн сарын турш урлан бүтээж, өвлийн сүүл сарын 30-ны өдөр бурхныхаа өмнө залж адислал хэмээх хурлыг хийдэг уламжлалтай. Энэ зан үйл нь анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэглэн бий болгосон хүрээний дэг ёс, уламжлалд үндэслэсэн бөгөөд тарнийн гүн ухааны зан үйлийг хөгжмийн бүрэн зэмсгийн хөг аялгуу, 313 цан дэлдэн, аялгуу эгшиг, уншлага тарнийн адистидыг шингээн зохион байгуулдаг.
Балин адислахын үеэр Өндөр гэгээнд зориулсан Пунцог гүсүм хэмээх түүний арван таван төрөл, үеийн залбирлыг лам хуврагууд уншдаг. Энэ нь Монголын цагаан сард зориулсан уламжлалтай бөгөөд битүүний шөнө Балданлхам сахиусыг тахих, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн арван таван өдрийн турш Бурхан багш тэрсүүдийн багш нарыг дарсан үйлд зориулан хурдаг их ерөөлийн өмнөтгөл хурал юм.
