Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол олголоо
2026-02-17 08:001min

Монгол Улсын Ерөнхийлөгч 1968 оны Мексикийн олимпоос анхны хүрэл медаль хүртсэн Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол олгосон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Сүрээр дарагч” Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медалиар шагнал гардуулжээ.
Энэ үеэр 1968 оны Мексикийн олимпоос анхны хүрэл медаль авчирсан Ардын багш, Гавьяат тамирчин, Монгол Улсын харцага Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол олгосон байна.
Д.Сэрээтэр нь 1968 оны Мехикогийн олимпын чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд 1970 онд Канадын Эдмонтон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн хүрэл медаль авсан юм.
Тэрбээр чөлөөт бөх болон үндэсний бөхийн спортод өөрийн авьяас чадвар, тэсвэр хатуужил, ухаан туршлагаа зориулан олон шавь нарыг бэлтгэж, тэдний амжилтаар дамжуулан Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөж ирсэн тамирчин юм.
