Он гарсаар ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өсжээ

2026-02-11 20:001min
20260211-200040-file.jpeg
Он гарсаар улсын хэмжээнд ахуйн гал түймрийн дуудлага 456 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн байна. Гал түймрийн ихэнх шалтгаан нь пийшин, зуухны гэмтэл, цахилгаан утасны ашиглалттай холбоотой аж.

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түймрийн гол шалтгаан нь айл өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утас ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэгтэй холбоотой байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх, цахилгаан залгуур болон уртасгагчид нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх, харилцан адилгүй голчтой цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх, яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмыг ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх, пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байх зэрэг аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Эдгээр зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу дагаж мөрдөх нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.