Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна

2026-02-11 19:001min
20260211-190041-file.jpeg
Цагдаагийн байгууллага Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, холбогдох эд зүйлсийг битүүмжилжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гурван аж ахуйн нэгж болон Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжтэй холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрсэн байна.

Уг ажиллагааны үеэр нийт 15 мянган ширхэг, 620 шоо метр палк, 1,754 ширхэг, 1,128 шоо метр гуалин, 320 шоо метр зах банз, ОХУ-д үйлдвэрлэсэн “Тайга” загварын хөрөө рам 38, хүнд даацын өргөгч ковш 29, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 34, Урал маркийн тээврийн хэрэгсэл 1, трактор 29, том оврын “Пусо” маркийн тээврийн хэрэгсэл 9, мод ачигч ковш 29-ийг битүүмжилж, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулжээ.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн баялгийг хууль бусаар ашиглах, мөн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.