2025 оны Монгол Улсын шилдэг соёлын биет бус өвлөн уламжлагч тодорлоо

2026-02-10 18:301min
20260210-183036-file.jpeg
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2025 оны шилдэг соёлын биет бус өвлөн уламжлагчаар Ховд аймгийн урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарч, соёлын өвийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан журамын дагуу жил бүр соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгодог.

2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2026 оны А/49 тоот тушаалаар батламжлав.

Н.Дамдиндорж нь 1967 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн бөгөөд 1990 онд Улаанбаатар хотод Улсын багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Тэрээр бага наснаасаа урианхайн алдарт туульчдын дэргэд өсөж, тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг сурсан бөгөөд 1992 оноос эхлэн хүүхэд, залуучуудад тогтмол зааж, 750 гаруй шавь бэлтгэсэн.

Мөн “Дуут нуур” язгуур урлагийн хамтлагийг байгуулж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр 300 гаруй медаль, шагнал хүртсэн.

Тэрээр урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Н.Дамдиндорж “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвхтэй оролцсон.

Түүний Монгол үндэстний соёлын биет бус өвийн сан хөмрөгийг хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгаруулжээ.