Туулын хурдны замын газар шорооны ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажил 2024 оны гуравдугаар сарын 15-наас эхэлнэ.
Төслийн талбайд нийт 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.
Одоогийн байдлаар түр барилга байгууламж, ажилчдын байр, оффис, туршилтын лаборатори, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер-геологийн судалгаагаар 40 цооног өрөмдсөн бөгөөд энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байна. Судалгааны ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зураг төслийн хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр, хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
Туулын хурдны зам нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой төсөл юм. Төслийн хүрээнд долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн байна.
Яармагийн гүүрний баруун хэсгийн орох, гарах замыг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бөгөөд ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Туулын хурдны зам нь нийт 32 километр урт, 6 эгнээтэй бөгөөд ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
