Нийтийн тээврийн автобусанд ухаалаг хаалт суурилуулж төлбөрийн сахилга бат сайжруулна

2026-02-10 17:301min
20260210-173041-file.jpeg
Нийтийн тээврийн автобусанд зорчигч бүр төлбөрөө төлөхийг хангах зорилгоор ухаалаг хаалтыг Ч:19А чиглэлийн автобусанд туршиж эхэлжээ. Туршилтын үр дүнд орлого нэмэгдсэн байна.

Нийтийн тээврийн автобусанд зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр ухаалаг хаалт байршуулжээ. “Дюц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай хэлэхдээ, автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй буруу соёлтой байдаг тул Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн автобусанд хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ухаалаг хаалтыг ашиглаж эхэлсэн гэж мэдээлэв.

19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад орлого нэмэгдсэн байна. Нэг сарын дараа нарийвчилсан тоо гаргаж, цаашид хаалтыг нэмж суурилуулах эсэхийг шийдэх юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авчирсан бөгөөд нэг минутад 34 хүнийг оруулах хүчин чадалтай, Ютонг үйлдвэрийн автобусанд зориулсан төхөөрөмж юм. Төхөөрөмжийг суурилуулахад зардал гарсан бөгөөд зөвхөн хаалгыг 4 сая орчим төгрөгөөр авсан байна. Ослын үед автоматаар доош унах үйлдэлтэй.

Автобусанд суусан иргэд, хүүхэд болон ахмад настнууд картаа уншуулах үүрэгтэй бөгөөд уг төхөөрөмжийг иргэдэд төвөг учруулахгүйгээр суурилуулжээ. Мөнгөө төлөөгүй зорчигчид буух гэж оролдсон ч бусад зорчигчид хаалгыг нээж өгөхгүй нөхцөл үүсдэг тул зөвхөн төлбөрөө төлсөн зорчигчдод үйлчлэх талаар автобусны дотор болон гадна талд санамж наасан байна.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн олонх нь эерэг хандлагатай байгаа бол мөнгө төлөхгүй зорчихыг хүсэгчид шүүмжлэлтэй хандаж байгааг Б.Мөнхдалай тэмдэглэв. Одоогоор бэлэн мөнгө төлөхөд жолооч товч дарах байдлаар зорчигчдыг зорчуулж байгаа бөгөөд бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж суурилуулахыг судалж байна. Ингэснээр жижиг мөнгө хийх явдлыг зогсоох боломжтой болно гэжээ.

Автобусанд суусан иргэн төхөөрөмж дээр картаа уншуулахгүй бол хаалт нээгдэхгүй байна.