Зээлийн түүхийн ач холбогдол ба шинэ үнэлгээний тогтолцоо

Зээлийн түүх нь иргэн банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан зээл, төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлснийг харуулсан мэдээллийн цогц юм. Энэ мэдээлэлд зээлийн хэмжээ, хугацаа, эргэн төлөлт, хоцролт, зээлийн гэрээний хэрэгжилтийн явц зэрэг орно.
Зээлийн түүх нь иргэдийн санхүүгийн зан төлөв, төлбөрийн байдлыг хянах эх сурвалж болдог бөгөөд санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг үнэлэхэд ашигладаг. Мөн зээл олгох эсэх, зээлийн хэмжээ, хугацаа, нөхцлийг тогтоох үндсэн мэдээлэл болдог.
2025 оны есдүгээр сарын 10-наас эхлэн зээлийн ангилал ашиглахгүй боловч зээлийн төлөлтийн түүх хадгалагдаж, зээлийн оноонд нөлөөлөх шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлнэ. Энэ нь зээлийн лавлагаанд муу, сайн гэсэн ангилал байхгүй болохыг илтгэнэ.
Шинэ тогтолцооны давуу тал нь сайн төлөлтийн түүхтэй иргэдэд давуу нөхцөл, хүүгийн хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх бөгөөд үнэлгээ нь төлөлтийн бодит түүхэд суурилна. Төлөлтийн сахилга бат сайжрах тусам зээлийн оноо нэмэгдэнэ.
Харин зээлээ төлөхгүй бол оноо буурч, зээлийн боломж хязгаарлагдах эрсдэлтэй. Сөрөг төлөлтийн түүх оноонд хуримтлагдаж, эрсдэлийн түвшин өсөхийн хэрээр хүү, шимтгэл нэмэгдэх, зээлийн хугацаа болон лимит багасах, зээл олгох татгалзах шийдвэр гарах магадлал нэмэгддэг.
Зээлийн лавлагаа нь таны зээлийн төлөлтийн бодит түүх бөгөөд хуулийн дагуу зээлийн мэдээлэл таван жил хадгалагдаж, шинэчлэгддэг. Өмнөх түүх арилдаггүй бөгөөд төлөлтийн сахилга бат, оноо, зээлийн нөхцөл хооронд шууд уялдаатай.
Санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдэлийг үнэлэх, оноогоор ангилах, зээлийн хүсэлтийг анхан шатанд шүүхэд ашигладаг. Мөн орлого, өр-орлогын харьцаа зэрэг бусад шалгууртай хослуулан үнэлгээ хийдэг.
Зээлийн онооны босгыг тухайн байгууллага өөрийн эрсдэлийн туршлага, зорилтот сегмент, зээлийн бүтээгдэхүүн болон зах зээлийн нөхцөлд тохируулан тогтоодог бөгөөд нийтлэг, бүх байгууллагад зориулсан ижил босго байдаггүй.
