УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга Н.Учрал анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлж, энэ сарын 9-нд Еврозийн эдийн засгийн комиссын сайд нарын зөвлөлийн даргатай уулзав. Тус комисстой байгуулсан гурван жилийн хугацаатай гэрээ одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна.
Өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал Москва хотын Александровын цэцэрлэгт хүрээлэнд байрлах нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөв.
Дараа нь тэрээр УИХ, ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцох юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Ж.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ХХААХҮ-ийн сайд Х.Бадамсүрэн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Г.Дашням нар багтсан байна.
Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус танхимын гишүүн аж ахуйн нэгжүүдийн захирлууд Москвад хамт иржээ.
