Монголын гүйлтийн цанын тамирчид Милан–Кортина 2026 олимпын спринт төрлүүдэд өрсөлдөнө

2026-02-10 12:001min
20260210-120042-file.jpeg
Монголын хоёр гүйлтийн цанын тамирчин Милан–Кортина 2026 өвлийн Олимпын наадмын спринт төрлүүдэд урьдчилсан шатанд гараанаас гарах хуваарьтай байна.

“Милан–Кортина” 2026 оны өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын спринт төрлүүд өнөөдөр үргэлжилж байна. Монгол Улсын хоёр тамирчин урьдчилсан шатанд гараанаас гарах хуваарьтай байна.

Эмэгтэйчүүдийн спринт төрөлд Олон улсын хэмжээний мастер Энхбаярын Ариунтунгалаг анхны Олимпын наадамдаа оролцож, дебютээ хийх юм. Тус төрөлд нийт 89 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн 16:15 цагт эхэлнэ. Манай тамирчин ойролцоогоор 16:35 цагт гараанаас гарах төлөвтэй байна.

Э.Ариунтунгалаг нь өмнө нь цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, 2023 онд дэлхийд 22-р байрт орж байсан туршлагатай тамирчин юм.

Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт төрөлд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах гурав дахь удаагаа Олимпын наадамд оролцож байна. Энэ төрөлд 95 тамирчин урьдчилсан шатанд өрсөлдөж, тэмцээн 16:57 цагт эхэлнэ. Манай тамирчин 17:18 цагт гараанд гарахаар товлогджээ.

Б.Ачбадрах нь хоёр өдрийн өмнө скиатлоны төрөлд уралдаж, 55-р байр эзэлсэн байна.

“Милан–Кортина” 2026 оны өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.