Ерөнхий сайд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзаж боомт, хил хамгаалал, эрчим хүчний асуудлыг хэлэлцэв

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Иргэдийн ихэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэн харахыг хүссэн байна. Ерөнхий сайд уг асуудал нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон УИХ-ын баталсан хуульд үндэслэсэн болохыг онцлон, нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийхээр хамтран ажиллах санал гаргав.
Мөн иргэдээс Монгол Улсын дархан хилийн зурвас газарт нэр бүхий компани газрын хэвлийг хууль бусаар сэндийчсэн, хил хамгаалах байгууллага асуудлыг үл тоомсорлож байгаа талаар гомдол ирсэн байна. Үүний дагуу Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг хилийн бүсэд ажиллуулахыг үүрэг болгож, мэдээлэл баримтаар нотлогдвол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг мэдэгдэв.
Даланзадгадын ДЦС нь 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд хүн амын төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор ачаалал хэтэрч, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн байна. Иймд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мегаваттын шинэ станц барихаар болсон бөгөөд Монголбанк зөвшөөрөл олгосныг Ерөнхий сайд мэдээлэв.
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудал өнгөрсөн онд 724 удаагийн нислэгээр 22,367 зорчигч хүлээн авч, зуны улиралд 5-7 удаагийн тогтмол нислэг үйлчилгээг үзүүлжээ. Иймээс нисэх буудлын барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗГХМОНХГ-аас мэдээлэв.
