Сар шинийн баярын үеэр хуурамч архи, согтууруулах ундааны худалдаа нэмэгджээ

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан борлуулах явдал нэмэгдэж байгааг мэдээлэв.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах, тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдсан 563 хуулийн этгээдэд арга хэмжээ авсан байна.
Цагдаагийн байгууллага нь согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэдэд архи согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалах, гэнэтийн осол, гэмтэл, осголтоос урьдчилан сэргийлэх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж байна.
Хуурамч архи, согтууруулах ундааны зүйл, хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагын 77 албан хаагч хамтарсан шалгалт хийж, 1,693 аж ахуйн нэгж, 2,088 иргэнийг шалгасан байна.
Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж борлуулсан, үйлчилсэн 34 зөрчил илэрч, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, 87 ширхэг 74 литр виски, коньяк зэрэг согтууруулах ундааг түр хураан авчээ.
Хоёр аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, найман иргэнийг дөрвөн сая төгрөгөөр торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлсэн байна.
Иргэдэд хууль дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
