УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

2026-02-09 13:001min
20260209-130047-file.jpeg
УИХ-ын дарга Н.Учрал хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын гол зорилго нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэж байна.

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь түүний УИХ-ын даргын хувиар хийж байгаа анхны айлчлал юм.

Айлчлалын гол зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд болон өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Мөн улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг дэмжихэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно.

Мөн Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна.

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно.