Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-н хариуцлагыг чангатгах үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций сум дахь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр Засгийн газраас өмнө өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шалгаж, цаашид сайжруулах чиглэлээр шинэ үүрэг даалгавар өгсөн байна.
Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” компани нь олон нийтэд нээлттэй, ил тод, орон нутагт бодит үр өгөөжтэй, ёс зүй, шударга ёсыг баримтлан ажиллах шаардлагатайг онцлов. Түүнчлэн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн юм.
Мөн компанийн санхүүгийн сахилга, хариуцлагыг чангатгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн осол, эрсдэлийг бууруулах талаар анхаарахыг даалгалаа. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад тооцсон арга хэмжээ болон авсан арга хэмжээг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг үүрэг болгосон байна.
