Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгууллаа

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хэлэлцээрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудын хооронд 367 нэр төрлийн барааг экспортлох, импортлоход тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр тогтов. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, бүс нутгийн интеграцид нэгдэх, гадаад худалдааны зах зээлийг тэлэх, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох зорилготой юм.
Монгол Улс тус хэлэлцээрийн хүрээнд дотоодын түүхий эдэд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн барааг экспортлох замаар дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гаалийн татвараас чөлөөлөгдөх, гаалийн тарифын бус хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Мөн Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох бараа нь аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмж, ган төмөр, хийц, хүнд машин механизм зэрэг үйлдвэрлэлийн зориулалтаар, манай улсад үйлдвэрлэдэггүй барааг хямд өртгөөр авах боломжтой.
Хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгах зохицуулалттай.
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн зарим оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан хэдий ч бусад улстай харьцуулахад гэрээний тоо харьцангуй цөөн бөгөөд энэ нь далайд гарцгүй, газар зүйн байршлын онцлогтой холбоотой юм.
Худалдааны хэлэлцээр нь эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдад тогтвортой, шууд хөрөнгө оруулалт татах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.
