Иван Ярыгиний тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ

2026-02-01 10:001min
20260201-100033-file.jpeg
Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртэж, 27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрлөө. Мөн хоёр тамирчин хүрэл медаль авсан байна.

Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын бөхчүүд амжилттай оролцож, Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Энэхүү тэмцээн нь “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг бөгөөд өмнө нь 1991 онд Олон улсын хэмжээний мастер Л.Сэргэлэнбаатар, 1999 онд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байжээ.

Монголын Чөлөөт Бөхийн холбооноос мэдээлснээр, 27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрж, Монгол бөхийн нэр төр дэлхийд дахин дуурсагдлаа. Б.Мөнх-Эрдэнийн хамгийн онцлох барилдаан нь тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуугаар хожсон явдал байв.

Мөн тэмцээнд Үндэсний Шигшээ Багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол 65 кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Түвшинжаргалын Энхжин мөн хүрэл медалийн эзэн болсон байна.