Монгол Улсаас 12 улсын 78 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас энэ сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, тэдэнд 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Албадан гаргасан иргэдийн дунд БНХАУ-ын 53, ОХУ-ын 11, Узбекистаны 3, Вьетнамын 2, Киргизийн 2 болон бусад улсын 7 иргэн багтаж байна.
Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлсэн үндэслэлээр албадан гаргасан юм.
Өнгөрсөн онд нийт 1,222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд энэ тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх ажиллагаа зохион байгуулжээ.
Тухайн иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, харьяалах улсад нь шилжүүлсэн байна.
