СЗХ хэрэглээний зээлийн давхардлыг бууруулах журам батлав

2026-01-29 13:061min
20260129-130616-file.jpeg
Санхүүгийн зохицуулах хороо хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулах зорилгоор "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт, өөрчлөлт хийв.

Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр ээлжит бус хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Шийдвэрийн дагуу иргэдийн өр, орлогын харьцааг 60 хувиас 55 хувь болгон бууруулж, банк бус санхүүгийн байгууллагууд хэрэглээний зээл олгохдоо харилцагчийн зээлийн эрхийг тооцож, уг харьцааг хангасан эсэхийг шалгах шаардлагатай боллоо. Энэ нь хэрэглээний зээлийн эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм.

Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнг зээлийн төлбөрт оруулж, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгах журам баталсан байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлснээр хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах боломжтой болно. Мөн иргэдийн өрийн дарамт буурч, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.