АТГ-аас авлигын хэргээр шалгаж буй албан тушаалтнуудын талаар мэдээлэл

Сүүлийн үед Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, долоо хоног бүр 2-3 албан тушаалтанг саатуулан шалгаж байна.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан комиссар Б.Билэгтээс авлигын хэрэгт холбогдсон хүмүүс болон хэрэгт холбогдох үйл явцын талаар тодрууллаа.
Н.Тавинбэх болон бусад холбогдогчдын хэрэг нь 10 аймгийн дулааны станц барих төсөлтэй холбоотой бөгөөд Эрчим хүчний яамны албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тус төсөл нь БНСУ-ын Засгийн газартай хамтран 40 жилийн хугацаатай, 148.7 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа юм.
Эрчим хүчний яамнаас зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр сонгогдсон компаниудын гэрээний хугацааг хууль зөрчин сунгаж, зардлыг 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлсэн нь Монгол Улсын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж тогтоогдсон байна.
Мөрдөн шалгалтын явцад Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани төсөлтэй холбоотой санхүүжилтийг гаргуулан авсан нь тогтоогдсон бөгөөд прокурорын зөвшөөрлөөр 21 объектод нэгжлэг хийж, холбогдох хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан байна.
Одоогоор гурван хүн яллагдагчаар татагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас уг төсөлтэй холбоотойгоор нийтдээ 605 мянган ам.долларын зээлийн хүү, эргэн төлөлтийг хийжээ.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж нар уг хэрэгт оролцоо хамааралтай гэж үзэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокурорын байгууллагад шилжүүлэхээр бэлтгэж байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж хууль бус барилга угсралт хийж, цахилгаан шугам, дэд станц барьсан хэрэгт холбогдуулан Эрчим хүчний үндэсний төвийн дарга Д.Бямбасүрэн болон холбогдох албан тушаалтнуудыг хахууль авсан, өгсөн үндэслэлээр шалгаж байна.
2026 оны нэгдүгээр сарын 21-22-ны хооронд Баян-Өлгий болон Улаанбаатар хотод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, үнэт эдлэл, гадаад валют хураан авсан байна. Эрчим хүчний үндэсний төвийн дарга Д.Бямбасүрэн болон мэргэжилтэн Ц.Мөнхбаяр нарыг яллагдагчаар татан 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ.
Нэмж хэлэхэд, АТГ-аас “Эрдэнэс критикал минералс” компанийн захирал Д.Тогтохсүрэн, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дотоод аудитын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарыг авлига, албан тушаалын хэрэгт шалгаж байна. Гэхдээ эдгээр хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх прокурорын зөвшөөрөл одоогоор гараагүй байна.
