Хоёрдугаар сард Монгол бөхийн үндэсний болон цагаан сарын барилдааны хуваарь

2026-01-29 09:061min
20260129-090623-file.jpeg
Монгол Үндэсний Бөхийн Холбоо ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөөд зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан барилдааны хуваарийг танилцууллаа.

Монгол Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан арга хэмжээг танилцууллаа.

Хоёрдугаар сарын 1-нд Ням гарагт 11:00 цагт Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.

7-нд Бямба гарагт 13:00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана.

8-нд Ням гарагт 11:00 цагт Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго болох улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

9-нд Даваа гарагт 13:00 цагт сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан болон ахмад бөхчүүдийн барилдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

10-нд Мягмар гарагт 11:00 цагт Тарвалин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

11-нд Лхагва гарагт 11:00 цагт сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан, мөн 12:00 цагт бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон шатрын тэмцээн зохион байгуулагдана.

12-нд Пүрэв гарагт 11:00 цагт Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

13-нд Баасан гарагт 09:00 цагт сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн, 14-нд Бямба гарагт 09:00 цагт бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдана.

15-нд Ням гарагт 13:00 цагт сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан болно.

16-нд Даваа гарагт 13:00 цагт сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа, 17-нд Мягмар гарагт 13:00 цагт 3-8 даваа зохион байгуулагдана.

27-нд Баасан гарагт 13:00 цагт Баянхонгор аймгийн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан, 28-нд Бямба гарагт 13:00 цагт Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит 128 бөхийн барилдаан болно.