Нийтийн тээврийн орлого цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр 69.3 хувиар өсөв

Нийслэлийн нийтийн тээврээр зорчиход 2025 оноос цахим төлбөрийн систем нэвтрүүлсэнээр орлого нь 69.3 хувиар өсжээ. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар төлбөр хийдэг байсан бол одоо банкны карт, гар утасны аппликейшн, QR код болон бэлэн мөнгө зэрэг олон төрлийн төлбөрийн арга ашиглаж байна.
Мөн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг бүрэн хянах боломж хязгаарлагдмал байв. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэл тус компанийн хувьцааны эзэмшлийг 79 хувь болгон гурав дахин нэмэгдүүлж, орлогыг илүү нарийвчлан хянах нөхцөл бүрдүүлсэн байна.
Үүний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийтийн тээврийн орлого 23.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 69.3 хувиар өссөн гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
