Нийслэлд хаврын улирлын махны нөөцийг эрт худалдаалж эхэллээ

2026-01-28 21:021min
20260128-210159-file.jpeg
Нийслэлд хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 5000 тонн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна. Махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж байна.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүргийн 375 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна. Энэ жил хонины махыг килограмм тутамд 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.

Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг явуулж байна. Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн учир борлуулалтыг эрт эхлүүлжээ.

Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11-12 дугаар сард махаа бэлтгэсэн бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ махыг худалдаалж байна.