Монгол Улсад хамгийн урт 12.6 км нүүрсний тээврийн конвейер ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комисс 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах шийдвэр гаргалаа.
Тус конвейерийн байгууламж нь Монгол Улсад хамгийн урт бөгөөд 12.6 км үргэлжилдэг. Барилгын ажил 18 сарын хугацаанд хийгдэж, ашиглалтад орсон байна.
Конвейерийн ашиглалтад орох нь тээврийн зардал, бүтээгдэхүүний өртгийг бууруулж, бүтээмж болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн тээвэрлэх явцад үүсдэг тоосжилт болон агаарын бохирдлыг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой.
Конвейерийн систем нь Герман улсын DIN стандартыг баримталж үйлдвэрлэлийн технологид ашиглагдсан бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, авто тээврээс үүсэх тоосжилтыг 80 хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй технологиор тоноглогдсон байна.
