ThunderZ “Тэнгри” төслийн тайлан тоглолтоо тавдугаар сард хийхээр төлөвлөжээ

2026-01-26 09:301min
20260126-093030-file.jpeg
Реппер ThunderZ "Тэнгри" төслийн хүрээнд Монгол үндэсний онцлогийг харуулсан уран бүтээлүүдээ танилцуулж, 2026 оны тавдугаар сард тайлан тоглолтоо хийхээр болсон талаар мэдээлэв.

Реппер ThunderZ шинэ клип болон тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Тэнгри” төслийн хүрээнд Монгол үндэсний онцлог, соёлыг үзэсгэлэнт байгальтай нь хамт харуулсан дөрвөн уран бүтээлийг гаргасан байна. Төслийн тайлан тоглолтыг 2026 оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд сар бүрийн 23-нд олон нийтийг хамарсан сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулах юм. Уран бүтээлч Б.Өлзий-Учрал буюу ThunderZ уран бүтээлдээ Монгол үндэстэн ястнуудын онцлогийг харуулахын тулд ардын хөгжмийн зэмсэг, Монгол аялгуу зэргийг шингээж ажиллаж байгаа аж.

Мөн дууныхаа дүрсийг түүх судалж, судлаачидтай уулзаж судалгаатайгаар хийж байгаа бөгөөд дууны хөгжим, утга зэргийг уялдаа холбоотой болгохыг зорьж байна. Тоглолт нь зөвхөн дуу дуулах бус үзүүлбэрийн утгаар үзүүлэх болно гэдгийг тэр онцолсон.

Тоглолт нь Монгол агуулгатай, хип хоп урсгалаас гадна үндэсний онцлогийг шингээсэн байх бөгөөд цацагдаж буй клипүүдийн тайзны хувилбарыг үзэгчид үзэх боломжтой юм. Монгол үндэстэн ястнуудын онцлогийг дотоод болон гадаадын үзэгчдэд сонирхолтой байдлаар харуулах төлөвлөгөөтэй байна.

Төслийн багийнхан Монгол агуулгатай уран бүтээлүүд цаашид ч цацагдаж дуусаагүй гэдгийг онцолсон бөгөөд тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна.